МоЭнКо ХХК нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээрийн дотор газрын доорх гүний усны судалгааг хийж, 2008 оноос эхлэн гадаргын болон газрын доорх усны горимын мониторингийн цооногуудыг ажиллуулж байна.
Хөшөөтийн уурхайн байгаль орчны суурь судалгаа, нарийвчилсан үнэлгээ, газрын төлөв байдлыг хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэн уурхайн болон Хөшөөт гол орчмын бохирдсон хөрсийг цэвэршүүлэх, шимт хөрсний хадгалалт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж буйн дээр байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах ажлыг урт болон дунд хугацааны төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлж, уг ажлын хүрээнд Дарви суманд 400 га, Цэцэг суманд 50 га талбайг хүнсний ногоо тарих зориулалтаар хашаалах, мод суулгац тарих, ургамал, амьтны судалгаа хийх, нөлөөллийн сумдад нөхөн сэргээлт хийх, хур хогийг цэвэрлэх, байгалийн цогцолборт газрыг хамгаалахтай холбоотой олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ирлээ.
Уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг багасгах гол хүчин зүйлийн нэг болох хатуу хучилттай авто зам барих асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж, тоосжилт дарах зорилгоор уурхайд тогтмол усалгаа хийж байгаагийн дээр хуурай баяжуулалт хийгдэж буй орчинд тоосжилтоос хамгаалах тусгай зориулалтын хашаа барьж, мананжуулагч техникийг ашиглаж байна.
Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон Ажлын хэсэг жил бүр газар дээр нь танилцан дүгнэж, баталгаажуулж байна. 2014-2022 онд байгаль орчныг хамгаалах, дүйцүүлэн хамгаалах ажлын зардалд нийт 12,8 тэрбум төгрөг зарцуулж, дээрх хугацаанд 61400 ширхэг мод, суулгац тарьж, Ховд аймаг болон нөлөөллийн таван суманд хүлээлгэж өгсөн байна.