Баруун бүсийн хариуцлагатай уул уурхайн өдөрлөгт оролцлоо

Эрдэс баялгийн салбараас орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөөний талаар судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” БАРУУН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2023.09.14-нд Говь-Алтай аймгийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгөөр илтгэгчид төрөөс баримталж байгаа бодлого, хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл байдал, байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг оролцогчид хөндөн ярилцлаа.

Өдөрлөгийн үеэр "МоЭнКо" ХХК, "Хан Алтай Ресурс" ХХК, "Мера групп" ХХК, "Иннова Минерал" ХХК, "Халзан Бүрэгтэй" төсөл үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, ажлын байрны анкет хүлээн авсан юм. 

Баруун бүсийн чуулганд ГовьАлтай, Ховд, Увс, Завхан, БаянӨлгий аймгуудад хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, болон чиглэлийн төрийн байгууллагын төлөөлөл болсон 300 орчим хүн оролцлоо.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас санаачлан зохион байгуулсан өдөрлөгийг  Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын ажлын алба хамтран зохион байгууллаа. 

Хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулж, олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлсэн энэ чуулганд "МоЭнКо" ХХК 24 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, Хөшөөт төслийн үйл ажиллагааг нээлттэй танилцуулсан юм.