Уурхайчид 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болохоор нэг хэсэг нь баяр ёслолоор заавал ажилтай байдаг. Наадмаар ээлжтэй таарсан ажилтнууд маань Сутайхайрхан эко баазад өнжиж баяр наадмаа хийлээ. Бөх барилдаж, сум тавьж, буухиа тэмцээн хийгээд хамт олноороо баярлав. 32 бөх барилдаж ХАБ-ын ажилтан Н.Рэнцэн түрүүлж, Автын албаны Б.Батхүү үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Автын албаны Б.Хаш-Эрдэнэ, Нүүрсний чанарын албаны Х.Мөнх-Эрдэнэ нар үлдсэн. Багийн сур харваа, буухиа уралдаан, олс таталт гээд олныг хамарсан тэмцээн уралдаан ч хийлээ. Баяр наадмаа сайхан зохион байгуулсан Захиргааны албаныхандаа баярлалаа. Түүнчлэн энэ жил манай ажилтнууд сум, аймгийн наадамд одтой сайхан оролцлоо. Тухайлбал, Д.Давхарбаяр ахлагчтай МоЭнКо ХХК-ийн "Хос Алтай" багийн харваачид Аймгийн наадмын шагайн харвааны төрөлд гуравдугаар байрт шалгарч, "Хос Алтай" багийн харваач, аймгийн мэргэн Баатаржавын Наранцогт гурван түрүү, гурван шөвгөрсөн амжилтаар Д.Давхарбаяр нэг түрүү, тав шөвгөрсөн амжилтаар гоц мэргэн цол хүртлээ. Мөн ХАБЭАБОС-ын албаны менежер П.Ганзориг Ховд аймгийн цэцэг сум байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын халх сурын харвааны төрөлд тэргүүлж, сумын мэргэн цолоо гардлаа.