Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн шагайн харвааны тэмцээн өнгөрсөн бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн төвд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн найман багийн 64 харваач багийн харваа болон цуваа харвааны төрлөөр цэц мэргэнээ сорьж багийн харвааны төрөлд Аймгийн гоц мэргэн Г.Хадбаатар ахлагчтай “Иж алтай” баг түрүүлж, Аймгийн гоц мэргэн Э. Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Ховд дулааны станц” ТӨХК-ний “Инженерүүд” баг, Хошой мэргэн Д.Давхарбаяр ахлагчтай “МоЭнКо”” ХХК-ний “Хос алтай” баг удааллаа. Цуваа харвааны төрөлд “Мөнгөн аргай” багийн залуу харваач М.Оргил түрүүлж, “Шонхрууд” багийн харваач Аймгийн гоц мэргэн Б.Ууган-Од, “Иж алтай” багийн залуу харваач С.Амартүвшин нар шалгарсан юм. Тэмцээний тусгай байранд “Шонхрууд” багийн Ж.Дагвадорж, “МоЭнКо ХХК-ний “Хос алтай” багийн харваач Мягмартулга нар шалгарчээ.