ХӨШӨӨТИЙН УУРХАЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ БАГИЙНХАН ЗЭРЛЭГ АН, АМЬТДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ТАВЬЖ ӨГЧЭЭ

МоЭнКо ХХК-ийн байгаль орчны ажилтнууд жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө биотехникийн арга хэмжээг тусгаж, Ховд аймгийн сумдад хэрэгжүүлдэг билээ. Энэ жил цас ихтэй, хүйтэн өвөл болсон учраас хээрийн амьтад ч идэш, тэжээлээр дутагдаж байгаа юм. Тиймээс Хөшөөтийн уурхайн байгаль орчны багийнхан Ховд аймгийн Үенч сумын нутаг болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг, Ховд аймгийн цэцэг сумын нутаг Мянган угалзтын нурууны байгалийн цогцолборт газар, Дарви сумын Мөрөн багийн Хөшөөтийн хөндий өгсөж Сутай хайрхан уулын тусгай хамгаалалттай газар нутгаар өвс, хужир тавьж ан амьтдад идэш, тэжээл бэлдлээ.

Тухайн газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч нар, сум орон нутгийн удирдлага энэ ажлыг дэмжин, хамтран гүйцэтгэсэн бөгөөд ан амьтдын төллөх үед ийм ажил хийсэн нь давхар ач холбогдолтой болж буй юм.

Ташрамд дуулгахад, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт цагаан зээр, хар сүүлт, хулан нутагладаг бол Үенчийн тусгай хамгаалалттай газар нутагт Янгир ямаа нутаглаж үр төлөө гаргадаг юм. Мөн Мянган угалзтын нурууны байгалийн цогцолборт газрын Цахир хамар, Тасархай хар, Босго, Сөрт зэрэг газруудад аргаль түлхүү нутагладаг аж.