“УУГАН ХАРВАА” ТЭМЦЭЭНД “МОЭНКО” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ “ХОС АЛТАЙ” БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит “Ууган харваа” тэмцээн 2023 оны гуравдугаар сарын 5-нд болж өндөрлөлөө.  

Тэмцээнд долоон багийн 60 гаруй харваач оролцож багийн харваа, цуваа харваа гэсэн төрлүүдээр цэц мэргэнээ сорилоо.

Багийн харвааны төрөлд Д.Давхарбаяр ахлагчтай “МоЭнКо” компанийн “Хос алтай” баг, дэд байранд Д.Бямбасүрэн ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” баг, гуравдугаар байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Аргай” баг шалгарсан юм.

“МоЭнКо” ХХК-ийн “Хос Алтай” багийн ахлагч Д.Давхарбаяр нь “МоЭнКо” ХХК-ийн ХАББОЭАС-ын хэлтсийн ажилтан бөгөөд өнгөрсөн жил энэ багийнхан Ховд аймгийн наадамд хоёрдугаар байр эзэлж, Захчин түмний Тонжоо их баяр наадамд  түрүүлсэн юм. Мөн Цэргийн 0123-р ангийн 100 жилийн ойн байр наадмын тэргүүн байр, баруун бүсийн даншиг наадмын гуравдугаар байр, Баян өлгий аймгийн Гаалийн байгууллагын 110 жилийн ойн баяр наадмын тэргүүн байрыг хүртсэн юм.

Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ, “МоЭнКо” ХХК-ийн нэрийн өмнөөс амжилттай наадаж буй “Хос Алтай” багийнхандаа баяр хүргэе.